Monday, October 29, 2007

Рок, попын ертөнцөд урьд хожид байгаагүй цоо шинэ зүйлийг Акапелла хамтлаг оруулж ирлээ

Акапелла хамтлагийн анхны уран бүтээл болох Улаанбаатарын үдэш дууны клипын талаар ярих гэж байна. Уг клипийг дуу бичүүлж байх явцад шууд бичсэнээрээ клипыг хийхэд ажилласан бүх уран бүтээлчдээс асар өндөр чадвар шаардсан, тун өвөрмөц бүтээл болжээ.
Клипыг шууд бичих энэхүү арга барил нь үзэгчдэд дуучдын сэтгэл хөдлөл, мэдрэмж, авъяасыг тод томруун харуулдагаараа онцлог, давуу талтай ажээ. Уг клип өнгөрсөн долоо хоногт Монголын анхны хөгжмийн суваг болох STV music –ийн хитэд шилдгийн шилдгээр шалгарчээ. Хувьсал продакшнаар овоглож байсан жүжигчин залуус уран бүтээлийн хаягаа солин рок, поп урлагт хүчээ үзэхээр эхлэлээ ийнхүү амжилттай тавьж байгаа нь салбарынхны анхааралд аль хэдийн өртсөн байна.
Хамтлагийн залуусыг “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл” бэлтгэн гаргаж байгаа ажээ. Энэ нэгдэлд Акапелла хамтлагаас гадна Guys, ТВ коктейлийн уран бүтээлчид хамрагддаг байна. Дан хоолойгоор дуулах урлаг буюу Акапелла хэмээн хамтлагаа нэрлэсэн залуус хаана ч, хэзээ ч ам барихгүй дуулж болдогийг харуулахаар зорин эхний цомгийн ажилдаа оржээ.